Хятадын Цинхуа их сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байгаа Г.Болорыг урьж ярилцлаа. Тэрээр хүүхэд, залууст өөрийн туршлагыг хуваалцсан юм.
Би нэгдүгээр ангиасаа эхэлж хятад хэл сурсан. Ийм ч учраас багаасаа л Хятад руу явж сурна даа гэж боддог байлаа. БНХАУ-д Цинхуа болон Бээжингийн их сургууль хамгийн топ сургуульдаа тооцогддог. Цинхуа их сургуулийг сонгосон шалтгаан нь мэргэжилтэй минь холбоотой. Цинхуа их сургуулийн хувьд инженер технологийн чиглэлээр нөгөө сургуулиудаа бодвол тэнхим болоод, олгох мэдлэгийн хувьд илүү чанартай юм.
Манай сургууль нь дэлхийд ранкаараа эхний 15-д, Азидаа эхний гуравт жагсдаг. Бүхий мэргэжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг бөгөөд үүн дотроо технологи, шинжлэх ухаан, барилга, уран зургийн чиглэлдээ илүү сайн сургалттай. Сургуулийн кампус үнэхээр цэлгэр, том зайтай. Би одоо хүртэл зарим газраар нь явж үзээгүй л байна.