Юуны өмнө ярилцлагандаа урьж оролцуулж байгаад баярлалаа. Миний хувьд сүүлийн 10 жилийн турш тасралтгүй ажлын карьертаа анхааран ажилласан. Харин ковидын үеэр дахин суралцах талаар бодож эхэлсэн. Гэхдээ дэлхийн топ сургуульд тэнцэж суралцана гэж бодож байгаагүй. Гэтэл клабхауст дэлхийн топ сургуульд суралцах талаар ярьж буй группт орж, хэсэг сонсож байгаад нээрээ яагаад болохгүй гэдэг бодол орж ирсэн. Ингээд тэр даруйдаа дэлхийн топ сургуулиудын вэбсайт руу орж, ямар мэргэжлүүд болон хөтөлбөрүүд байгааг судалж эхэлсэн. Тэгтэл Оксфордын их сургуулийн хөтөлбөрүүд надад үнэхээр таалагдаад тэр шөнөдөө Линкэдин-ээр шууд CV-гээ явуулчихсан. Энэ нь тэр хөтөлбөрт эхний байдлаар шалгуурт тэнцэж байгаа эсэхийг тодруулах хамгийн эхний процесс юм л даа. Ийнхүү дараагийн процесс руу орсон.
Миний хувьд 10 жил тасралтгүй ажилласан тул шахуу хуваарьтай, ачаалалтай суралцах гэхээсээ илүүтэй нэг талдаа өөрийн ажил, амьдралдаа дүгнэлт хийх, нөгөө талаас цаашдын 10 жилийн төсөөлөл, төлөвлөгөөг бодож эргэцүүлэх гэсэн зорилготойгоор энэхүү хөтөлбөрийг сонгосон. Мөн Монголд магистрын зэргээ авчихсан тул дахиж магистр сурна гэхээсээ илүүтэй өөртөө цаг гаргах, амрах, олон орны өөртэйгээ адилхан карьер хийж буй хүмүүстэй танилцах, хүрээгээ тэлэх нь хамгийн гол зорилго байсан гэх үү дээ. Энэхүү хөтөлбөр маань удирдах албан тушаалтнуудад зориулсан нэг жилийн дипломтой хөтөлбөр бөгөөд стратеги ба инноваци ( Executive diploma program in Strategy and Innovation ) гэсэн чиглэлээр мэргэших юм. Мөн ихэвчлэн ажиллангаа суралцах боломжтой хөтөлбөр бөгөөд дэлхийн томоохон үндэстэн дамнасан компани, корпорациудын захирал, дунд шатны менежерүүдэд цаашдын карьер хөгжилд зориулсан хөтөлбөр гэж хэлж болно.
