3 минут уншина
2022-11-15
М.Мөнхжаргал: Австралийн засгийн газрын тэтгэлэгт тэнцэхэд бэлтгэл, стратеги чухал

Австралийн засгийн газрын тэтгэлгээр тус улсын “The University of Queensland”-ийн суралцсан М.Мөнхжаргалтай ярилцлаа.  

Урилга хүлээн авсанд баярлалаа. Та Австралийн Засгийн газрын тэтгэлгээр аль сургуулийг төгссөн бэ. Сургуулийнхаа талаар танилцуулна уу?

Би 2021 онд The University of Queensland буюу Квинслэндийн их сургуульд Байгаль орчны менежментийн магистрын зэрэг хамгаалсан. Манай сургуулийн хувьд 100 гаруй жилийн түүхтэй. Австралийн зүүн хэсэгт Брисбэн хотноо байрлах олон кампус, судалгааны төвтэй. Энд жил бүр 140 орны 50 мянга гаруй оюутан суралцдаг.    

Яагаад австрали тэр дундаа энэ сургуулийг сонгон сурахаар болсон бэ?  

Би урьд нь Австралийн сайн дурын ажилтнуудыг удирдан ажиллаж байсан. Тэр үеэс Австралийн соёл, байгаль, мэргэжилтнүүдийнх нь ур чадвар гээд олон зүйл сонирхолтой санагдах болсон. Удаан хугацаанд судалсны эцэст энэ оронд очиж суралцах, мэргэжлээ дээшлүүлэх мөрөөдөлтэй болсон гэж хэлж болно. Харин Квинслэндийн их сургуулийн хувьд судалгаа, сургалт болон бусад үзүүлэлтээрээ дэлхийн топ 50 сургуулийн, Австралийн шилдэг гурван сургуулийн нэг учраас энэ сургуулийг сонгон суралцаж, өөрийгөө сорихоор шийдсэн.

Засгийн газрын тэтгэлгүүд маш өрсөлдөөнтэй байдаг. Таны хувьд энэхүү тэтгэлэгт өөрийгөө хэр удаан, ямар стратеги ашиглан бэлдсэн бэ?

Монголд зарлагдаж байгаа олон улсын засгийн газрын тэтгэлгүүдээс хамгийн нэр хүндтэй, өрсөлдөөнтэй, бас хамгийн өгөөмөр тэтгэлэг бол яах аргагүй Австралийн засгийн газрын тэтгэлэг байдаг. Энэхүү тэтгэлэг нь магистрын сургалтад хамрагдах боломжийг олгож, суралцахад гарах зардал гээд бүх талын дэмжлэг үзүүлдэг. Энэ тэтгэлгийн тухай би арваад жилийн өмнө анх сонсож байсан. Хэсэг хугацаанд мэргэжлээрээ ажиллаж, тодорхой хийсэн бүтээсэн зүйлтэй болсны дараа илүү ихийг сурч, мэдэх шаардлага гарсан. Тэгээд хамгийн өрсөлдөөнтэй тэтгэлгийг авах гээд зүтгээд үзье гэж шийдсэн юм. Хоёр жил дараалан өргөдлөө гаргаад 2019 онд тэнцсэн. Мэдээж англи хэлний шалгуураа давах, бичиг баримтаа ном ёсоор нь бүрдүүлэх, эссэ бичих, ярилцлагын шатыг амжилттай давахад бэлтгэл, стратеги их чухал байдаг. Гэхдээ хамгийн чухал нь өөрийн хайртай, дуртай мэргэжлээр суралцахаар сонгосон тохиолдолд эссэ бичих, ярилцлагын асуултад хариулахад тийм ч хэцүү зүйл байхгүй.

Image
Та өөрийн эссэндээ хэрхэн анхаарсан бэ. Таны бодлоор эссэгээ ямар агуулгаар бичвэл илүү тэнцэх магадлалтай байх бол?

Яг энэ тэтгэлийн хувьд та ямар үндэслэлээр өөрийн сургууль мэргэжлээ сонгосон, тухайн мэргэжлээр суралцах шалтгаан, төгсөөд юу хийж бүтээх, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаа талаар тодорхой асуултын дагуу эссэгээ бичдэг. Ярилцлагын шатанд ч мөн ийм хүрээнд л асуулт хариулт өрнөдөг. Гол нь та маш чадварлаг, олон мянган хүнтэй өрсөлдөж байгаагаа байнга санах хэрэгтэй. Тиймээс бусдаасаа ялгарч чадвал шалгарах магадлал чинь төдий чинээ өндөр байна гэсэн үг.

Ярилцлагын шатанд ихэвчлэн юуны тухай асуудаг вэ. Энэ шатанд орохоос өмнө өөрийгөө хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ?

Эхний шатанд буюу бичиг баримт бүрдүүлж, цахимаар эссэгээ илгээгээд шалгарсан тохиолдолд ярилцлагад дууддаг. Энэ бол шийдвэрлэх шат гэсэн үг. Бэлтгэл амин чухал. Салбар бүрийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй ярилцлагын багтай 20 гаруй минут ярилцаж, тэдний асуултад хариулдаг. Дээр дурдсанчлан ямар мэргэжлээр, аль сургуульд сурахаар сонгосон шалтгааныг асуудаг. Энэ үеэр танд өөрийн өмнө нь хийж бүтээсэн зүйлээ таниулах, цаашид сурч мэдээд ирээдүйд хийхээр төлөвлөсөн ажлаа тайлбарлах боломж олддог.

Танд олгосон энэхүү тэтгэлгийн үнэ цэн нь юу вэ?

Миний хувьд энэ бол амьдралд нэг л тохиох маш том боломж. Австралийн засгийн газрын тэтгэлгийг нэг л хүртсэн бол үр шимийг нь насаараа хүртдэг гэж хэлж болно. Таныг тэтгэлэгт тэнцэж шалгарсан мөчөөс бэлтгэл сургалт, дэмжлэг эхэлдэг. Сургуульдаа сурах явцад тэтгэлэгт хөтөлбөрийн газраас байнгын холбоотой ажилладаг. Төгсөөд ирсэн хойно ч байнга сургалт, төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулдаг. Үүгээрээ бусад ижил төрлийн тэтгэлгээс ялгардаг.

Image
Австралийн тэтгэлэгт бэлдэж буй хүүхдүүдийн заавал мэдэх, анхаарах шаардлагатай зүйл юу вэ?

Австралийн засгийн газрын тэтгэлгийн талаар бусдаас дам мэдээлэл авах биш, зөв цэгцтэй мэдээлэл олж авах нь чухал. Энэхүү тэтгэлгийн талаар албан ёсны мэдээллийг

https://www.australiaawardsmongolia.org/

хаягаас авах боломжтой. Тавигдах бүх шаардлагыг маш тодорхой, нээлттэй мэдээлдэг. Улаанбаатар хотоос гадна, бүх аймгуудад тэтгэлгийн талаар цуврал танилцуулга хийдэг. Жил бүрийн хоёрдугаар сард тэтгэлэг зарлагдаж, дөрөвдүгээр сарын сүүл хүртэл цахимаар өргөдөл хүлээн авдаг. Тэтгэлэгт өрсөлдөхөөр бэлтгэж байгаа хүмүүстээ амжилт хүсье. Танд ч бас энэхүү тэтгэлгийг хүртэж, Австралид суралцах боломж нээлттэй байгаа шүү!

Ярилцсанд баярлалаа.
Үргэлжлэлийг аппаас уншина уу...
  • playStore
  • appstore